Friday, April 15, 2011

Рубоко Шо: Тачаалын танка

Тэр нэгэн оны 08-р сарын тасралтгүй бороо зүсэрсэн хоногуудын тодхон санагдах 5 дахь өдөр нь 10-р ангиа төгсөөд оюутан болохоор нийслэлийг зорих гэж буй хүү шүлгийн багшийнхаа гэрийг зүглэн алхсан нь би байлаа. Багшийн бие тэнгэрийн аашинд цаламдуулсан мэт нэг л тавгүйхэн байж билээ. Сэтгэл нь ч үймчихэж... Өөрийгөө юу, юугүй бурхны оронд заларчихаж магад гэж санах нь ярианаас нь илт мэдрэгдээд, үзсэн  үхлээ үл мартагнан, чийгтэй хувцсандаа жиндэж суусан миний бодлыг хүртэл дааруулчихаад гэмгүйхэн шүлэг сонсоно гээд намайг шавдуулах Мандахаа багшийнхаа царайг одоо ч мартаагүй. Янжинлхам, Ядам сахиусны авралаар 70 дээр гарсан багш минь өдгөө сэрүүн тунгалаг ахуйд нь шүтээнээ тахинам. Дээрх уяралын өдөр багш сэтгэлийн чинадах захиасаа хэлээд, жижигхэн, нимгэхэн нь дэндсэн шар ном бэлэглээд дотор нүүрэн дээр нь "Миний гайхамшигт хүү .........дээ, Багший нь дотны нөхөр-эрхэм орчуулагч Д.Баярааг дурсаж, уншиж яваарай...Д.Мандахсан VIII/29" хэмээн бичиж өгсөн нь сэрэл мэдрэмжийн шинэ ертөнцийг надад нээн өгч билээ. Энэ болбоос 1000 жил анир чимээгүйд уусаад яруу найргийн замбативд дахин амилсан Японы яруу найрагч Рубоко Шо-гийн "Коматигийн шөнө буюу нүцгэн жимс" гэгч тачаалын 99 танкагаас бүтсэн номыг Орос хэлнээс Дашжидийн Баяр абугай дуун хөрвүүлээд, Дамдинсүрэнгийн Мандахсан ариутган шүүж зөвлөөд 1993 онд Эрдэнэт хотноо хэвлүүлсэн ном байваа.

Рубоко Шо гэж хэн бэ?
Японы түүхэнд 781-1192 оны  үеийг Хэйаны эрин гэдэг. Хэйаны эриний нэрт яруу найрагч, танкаг хүсэл тачаал, уянгын хэлбэрээр анхлан тэрлэсэн хүн бол Рубоко Шо /980-1020/ юм. Наран улсад Хэйаны эринээс эхтэй Кёотогийн гадна Ои голоор Арашиямад үед хааны гэр бүл  зугаалж байсныг дурсан ёсолж жил бүрийн 05-р сарын гурав дахь ням гаригт Мифүнэ Мацүри баярыг тэмдэглэдэг. Шо найрагчийн амьдралын түүх аман хэлбэрээр уламжлагдан ихээхэн туульс домгийн шинжийг олсон байдгаас эзэн хааны ордонд өндөр алба хашиж байгаад шийтгэгдэж нийслэлээс алс хол Цукуси  буюу одоогийн Кюсю арал дээр өөд болтлоо аж төрсөн нь л сурвалжид тодорхой байдаг ажээ. Лао-з төрийн албаа орхиод "Орчлонг танихуйн гэгээн шастир", Даогийн сургаалиа орь залуу цэргийн даргын гуйлтаар орхиод явсантай, Рубоко Шо ч адил тавилантай байдаг. Ялгаа нь тэр Лаозоос эгэл нэгэн байсан тул 1000 жилээр ертөнцийн аниргүйд нуугдаж чадсан юм. Японы нэрт эртний эдлэл, судар ном цуглуулагч, тэрбумтан Кино Кавабаки эрхэм Киото хотын хуучин номын зах дээрээс олоогүйсэн бол, олсон ч эс анзаарсан бол өдгөө ч тэрээр диваажингийн мухарт, Симматийн дууч охидтой зугаацаж байх бизээ. Ноён Кино Кавабаки, Сэмигоро хэвлэлийн газраас Рубоко Шо-гийн бүтэн олдсон 99 танкаг эмхэтгэн Коматигийн шөнө буюу нүцгэн жимс номыг 1985 онд хэвлүүлсэн нь Арлын орны төдийгүй, дэлхийн утга зохиолын хүрээнд шуугиан дэгдээжээ. XIV зууны үеийн Япоын театрын урлагийг шүтэн бишрэгчид,яруу шүлгийн донтнууд,  дундад зууны үеийн зураачид болох Моронобу, Утамаро, Сузуки, Харушигэ нарын эротик, зоримог уран бүтээлчдээс ч өмнө үгээр тачаалын үзэгдлийг гойд зураглаж байсных нь төлөө Рубоко Шо-г нэхэн алдаршуулсан байдаг. Эл ном Монгол хэлнээ орчуулагдах болсон түүхийг сөхвөл: Эртний Япон хэлнээс уул номыг Питер Энгр Орос хэлнээ буулгаж, 1991 онд Прогресс хэвлэлийн газраас "Тачаалын танка" /Эротические танки/  нэртэйгээр эрхлэн хэвлүүлсэн даруйд Д.Баяр агсан барин авч орчуулаад 1993 онд хэвлэлтээс авсан байдаг. Д.Баяр гуай өгүүлэхдээ "Мөхөс миний бие, Монголын яруу найраг сонирхогч мэргэн уншигч олондоо эртний Японы яруу найргийн дундаршүгүй ундаргын нэгээхэн булгаас амсуулахаар зориглож үзэг цаас нийлүүлэхдээ , эх Япон хэлнээс нь эргэцүүлж чадахгүйгээ харуусан гутравч, эрх биш Оросын авъяас билэгт орчуулагч, эрдэмтэн нөхдийн буянд дулдуйдан, өнө эртний Япон хэлнээс нь Орос хэлнээ орчуулсныг нь бодоод бас чиг баярлаж , Монгол уншигчиддаа ямар ч гэсэн хүргэхийг түвдлээ. Цаг хугацаа гэдэг асар их хүчтэй хаан, намайг зүгээр сууж, зөвхөн хар толгойгоо бодохыг цаазлан хориглосны учир ийнхүү бүдүүн зүрх гаргахаас өөр зам өчүүхэн надад үлдсэнгүй дээ. Хожмын өдөр эх Япон хэлнээс нь Монгол түмэндээ илүү сайхан орчуулж барих эрдэмт хүмүүн танд мэхийн ёсолж, хүлцэл өчсү! Мэргэн уншигч та цэцэн оюундаа тунгаан болгоож, чадан ядан орчуулсан номын алдаа оноог ялган салгаж, үнэлж баршгүй сургаалиа харамгүй хайрлана гэдэгт гүнээ итгэнэм. Уншигч таны гар дээр Рубоко Шо-гийн анхны ном, анх удаагаа очиж буй өлзий ерөөлт энэ өдөр, мөхөс надад үнэтэй зөвлөмж, санал өгсөн хүмүүс болон яруу найрагч нөхөддөө гүн талархал дэвшүүлье!
Мэргэн уншигч таны мэлмий бат оршиг! Орчуулагч Дашжидийн Баяр. Эрдэнэт хот ш/х № 214. гэжээ. Дашрамд дурьдахад Эрдэнэт хотын МЗЭ-ийн даргын албыг хашиж байсан энэ эрхэм хүний талаар мэдээлэл цуглуулах гээд үр хүүхэдтэй нь холбогдож чадаагүй ч Д.Баяр абугайн тухай бичлэг оруулж, энэ номын өглөгтнийг хожмын хүмүүст танилцуулах нь миний үүрэг хэмээн санана..

1 comment:

Anonymous said...

Янзын ном доо...