Saturday, March 19, 2011

Мандахаа багштай танилцсан минь

Бидний багш Хүүхдийн зохиолч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Мандахсан гэж нэгэн өвгөн хүн, өдгөө Эрдэнэт хотод 20 гаруй оныг үдэн "Үгийн дэнлүү" асаан сууна даа. Эгэл олон түүнийг Хонхот хүүхэлдэй, 80-аад оны хит Үерхэл чамайгаа нандигнана дуугаар нь анддаггүй бол утга зохиолын хүрээнийхэн "Уран Өд" дугуйлан, уран бүтээл, шавь нараар нь мэднэ. Багштайгаа нөхөрлөөд бараг 12 жил болж байна. Гуравдугаар ангид орсон жилээс эхлэн шүлэг бичимрээм аядаж цаас цоохорлохгүй бол "хонго загатнаад" сууж чадахаа байж билээ. Эрдэмтэй сайндаа, од нь гүйж - орой нь цоорсондоо ч биш "Ээж" нэг өдөр миний хүү гурил зуураадах гэхээр нь: Дэвтрээ халтартуулж сууснаа
-Ээжээ би шүлэг бичиж байна гэсэн чинь
-Тийм үү, тэгвэл ээж нь гурилаа зуурлаа, дараа нь ээждээ шүлгээ уншиж өгөөрэй гэдэг байна ш дээ. Залхуу надад бөөн далим, энэ өдрөөс эхлээд өтний тухай, хонины тухай, махны тухай... гэх мэт шүлгэнцрүүд бичиж уншсан болчоод гэрийн ажлаас чөлөөлөгддөг сайхан мэхтэй боллоо. Мэхт мэхэндээ гэж дээрх явдлаас жил гаруйн дараа нэг өдөр зурагт үзээд сууж байсан чинь миний үеийн хэдэн нусгай нөхдүүд, зурагтаар гар хөлөө хөдөлгөөл шүлэг уншаад л өвчигнөж байснаа медаль, шагнал аваа л би наана нь дэлгэцийн өмнө атаархаж, үхэх дөхөж байж нэг юм хүүхдийн шүлгийн "Хүрэл тулга" наадмыг үзсэнээс хойш шүлэг бичихийн дон тусчихаж билээ. Ийнхүү бичээд л, бичсэнээ уншсаар ээж залхсан тул өөртөө уншиж өгдөг болоод байтал 5 билүү 6-р ангид ороод анх удаагаа Эрдэнэт хотын IV-р сургууль буюу одоогийн Орхон аймгийн Баян-Өндөр цогцолбор сургуулийн сурагчдын шүлгийн наадамд оролцтол, шүүгчээр нь нэг жижигхэн шар өвөө сууж байна. Нэг их юм бодсон ч үгүй ганц 2 шүлэг уншлаа 2-р байранд орж байнаа, баярын бичиг өглөө би ч дурамжхан аваад, анги руугаа явсан санагдана.Учир нь надад тэр үед тооны олимдиадад байр эзэлсэн, бөх барилдаад үзүүрлэсэн, даамны тэмцээнд түрүүлсэн, шилдэг сурагч болсон гээд баярын бичиг хогоороо болчихсон, харин ганц ч медаль байдаггүй. Ядаж байхад манай нагац эгчийн надтай чацуу хүү Д.Эрдэнэбаяр /миний бүл/ цэнгээнт бүжгийн "Өсөх ирээдүй" хамтлагийн ахлагч, Хаврын баяр наадмын хот аймгийн бүх түрүүг авна. Надад ганц ч байхгүй тэр төмөр тэдний ханаар нь, хивсээр нь, гэрээр нь дүүрэн. Тэгээд ангидаа орох гээд явж байтал 10-р ангийн Нямдорж гээд Н.Багабанди ерөнхийлөгч шиг царайтай ах /хожим мэдэхнээ Завханых болж таарсан/ намайг дуудаад чамайг Мандахсан багш дуудаж байна гэхээр нь дагаад очсоноор нөгөө шүүгч хийж байсан өвөөтэй танилцаж, багш шавь болон барилдахын эхийг тавьсан юм. Миний оролцсон анхны яруу найргийн наадам, надад медаль өгөөгүй ч медальнаас жива дахин үнэтэй учрал, ерөөлийг хайрласан. Өндгөө дарах шувуухай, дэгдээхэйгээ дэмнэх дэглий мэт Мандахаа багш минь биднийг хямгатай хүмүүжүүлсэн хүн. Уран Өд дугуйлан долоо хоногийн нэг өдөр 3-4 цаг хичээллэнэ. Дугуйлан дээр бидний хэдэн хэтэрхий цэцэн бялзуухайнууд шүлгээ уншина, шүүмж өрнүүлнэ, Кант, Күнзээс эхлээд бүх мэргидийг л бут авна, Данзангийн Нямсүрэнгээс суралцаж, Дамдинсүрэнгийн хүүгээр ном заалгана. Багш минь бидэнд хүн тус бүрт "өөртөө итгэх итгэл", бурууг жигших, буяныг таних ухаан ургуулсан бол надад өөрийгөө нээхэд минь дэргэд минь байж дэмнэсэн "миний анд". Хааяа би дугуйлангаа тасална, тасалсны маргааш багш ангийн үүдэнд ирчихсэн завсарлахыг хүлээнэ, ангийн хүүхдүүд харчихаад Даашка "шүлгийн өвөө" чинь ирчихэж гэнэ, өвөөгүй надад дулаахан мэдрэмж төрнө. Сүүлийн өгүүлбэр шүлэг биш гэж үү? Багшийн минь шүлгээс уншихыг, сонсохыг хүсвэл http://osohoo.blogspot.com/2011/01/blog-post.html хаягаар орно уу, сайн шүлэгчийн блог байгаа. Бид гэж Хангал, Мөнх-Идэр. Өсөхөө, Нэргүй, дүү Дулмаа, Лхавгаа, Сосорбарам, Есүхэй бас бусдыгаа хэлэв. Энэхүү цахим хуудсаар дамжуулан энгийн хэрнээ, гайхам сайхан хүмүүсийн тухай бичих болно. /Энэ өгүүлэлд үргэлжлэл бий.../

1 comment:

munkhider said...

Багш Нутаг хоёроо үгүйлнэ.